“ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛЭЭС САНХҮҮЖИЛТ ТАТАХ БОЛОМЖ” СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
Хөрөнгө оруулалт, худалдааны газар болон Монголын хөрөнгийн бирж хамтран хүргэсэн тус сургалт 2026 оны 01-р сарын 20-ны өдөр амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Сургалтад Хөрөнгө оруулалт, худалдааны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Зандан “Хөрөнгө оруулалтын орчин” сэдвээр танилцуулга, мэдээлэл хүргэсэн юм.
”Хөрөнгийн зах зээлээс санхүүжилт татах боломж, нөхцөл байдал” сэдвийн хүрээнд Монголын хөрөнгийн биржийн Бизнесийн хөгжил хариуцсан ахлах мэргэжилтэн П.Нямдорж, Бүртгэлийн албаны ахлах мэргэжилтэн М.Энхтуяа нар – Үнэт цаасны зах зээл ба цаашдын төлөв, санхүүжилт босгох механизмууд, нээлттэй хувьцаат компанийн давуу тал, Монголын Хөрөнгийн бирж дээр арилжигдаж буй бүтээгдэхүүнүүд, хувьцаа, бонд гаргахад тавигдах шалгууруудын тухай мэдээлэл хүргэлээ.
Мөн урилгаар “Голомт капитал-ҮЦК” ХХК-ийн Хөрөнгө оруулалтын газрын захирал Н.Нарангэрэл хүрэлцэн ирж “Андеррайтерийн үйлчилгээ” танилцуулгаараа тогтмол хүүтэй үнэт цаас, бонд, ХБҮЦ гаргах давуу талууд, бондоор санхүүжилт татах шалтгаан зэргийг жишээлэн тайлбарлаж мэргэжлийн байгууллагын зүгээс туршлагаа хуваалцлаа.
Сургалтад аж ахуйн нэгжийн төлөөллүүд болон хувиараа бизнес эрхлэгчид оролцсон бөгөөд салбарын мэргэжилтнүүдээс сонирхсон асуултдаа хариулт авч, идэвхтэй оролцлоо.
