Skip to main content
Судалгаа, ХАА, Ноос ноолуур

НООС НООЛУУРЫН САЛБАРЫН СУДАЛГАА

Ноос ноолуурын салбар нь Монгол Улсын эдийн засгийн бүтэц дэх уламжлалт бөгөөд стратегийн ач холбогдолтой үйлдвэрлэлийн нэг бөгөөд мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортын голлох суурь болж ирсэн билээ. Монгол Улс жил бүр ойролцоогоор 10 мянган тонн орчим түүхий ноолуур, 20 мянга гаруй тонн ноос бэлтгэдэг бөгөөд дэлхийн ноолуурын нийлүүлэлтийн 40–48 хувийг дангаар бүрдүүлдэг нь энэ салбарын олон улсын өрсөлдөх чадварыг илтгэн харуулдаг. Ноолуур, ноосон бүтээгдэхүүний экспорт нь уул уурхайн бус экспортын дотор тогтмол дээгүүр байр эзэлж, хөдөө аж ахуйн салбарын нийт бүтээгдэхүүний бүтцэд чухал байр суурийг эзэлдэг.

Гэсэн хэдий ч ноос ноолуурын салбарын хөгжлийн түвшин өнөөг хүртэл түүхий эдийн шатанд төвлөрсөн хэвээр байсаар байгаа нь үйлдвэрлэлийн үр ашиг, экспортын орлогыг хязгаарлах гол хүчин зүйлсийн нэг болж байна. Тухайлбал, түүхий буюу самнасан ноолуурын экспорт давамгайлж, гүн боловсруулалт буюу утас, даавуу, ноолууран хувцас, бэлэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл харьцангуй бага хэвээр байна. Үүний улмаас нэмүү өртгийн ихээхэн хэсэг нь гадаадын зах зээл дээр шингэж, дотоодын аж үйлдвэрийн өрсөлдөх чадвар бүрэн ашиглагдахгүй байна.

Сүүлийн жилүүдэд Монгол Улсын Засгийн газар болон хувийн хэвшил нягт хамтран ажиллаж, “Цагаан алт” хөтөлбөр, экспортын бодлогын шинэчлэл, боловсруулах үйлдвэрлэлийн дэмжлэг зэрэг бодлогын арга хэмжээг хэрэгжүүлснээр ноос ноолуурын салбарын зохицуулалт, хөгжилд тодорхой ахиц гарч байна. Хялгас ялгалтын хүчин чадлыг нэмэгдүүлэх, ээрэх, нэхэх, сүлжих үйлдвэрлэлийн шугамуудыг шинэчлэх, чанарын стандартын хяналтыг сайжруулах, экспортын бүтээгдэхүүний төрөлжилтийг нэмэгдүүлэх зэрэг алхмуудыг хийж буй нь салбарын ирээдүйн боломжийг улам өргөжүүлж байна.

бүрэн судалгаа татах [PDF]

Powered By EmbedPress