Skip to main content
Судалгаа, Уул уурхай

УУЛ УУРХАЙН САЛБАРЫН СУДАЛГАА

Монгол улсын эдийн засгийн бүтцэд уул уурхайн салбар стратегийн ач холбогдол бүхий тэргүүлэх салбарын нэг хэвээр байна. Тус салбар нь 2025 оны байдлаар ДНБ-ний 24-27 хувь, аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэлийн 70 гаруй хувь, экспортын орлогын 90 орчим хувийг бүрдүүлж, улсын төсвийн орлогын чухал эх үүсвэр болж байна . Иймээс уул уурхайн салбарын хөгжил нь макро эдийн засгийн тогтвортой байдал, гадаад худалдааны тэнцэл, хөрөнгө оруулалтын орчинд шууд нөлөөлөх үндсэн хүчин зүйлсийн нэг юм.

Монгол улсад орчин үеийн уул уурхайн салбар 1922 онд Налайхын нүүрсний уурхайг улсын мэдэлд шилжүүлснээр эхлэл тавигдаж, улмаар 1940-өөд оноос эхлэн гадаад хамтын ажиллагаанд түшиглэсэн үйлдвэрлэлийн суурь бүрэлдэн хөгжсөн. 2025 оны байдлаар ашигт малтмалын нөөцөөр баялаг орнуудын тоонд багтаж, геологийн судалгаагаар 80 гаруй төрлийн ашигт малтмалын 6000 гаруй орд, илрэл бүртгэгдсэн нь уул уурхайн салбарын урт хугацааны хөгжлийн суурь нөхцөлийг бүрдүүлж байна.

Сүүлийн жилүүдэд зэс, нүүрс, алт, төмрийн хүдэр зэрэг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын олборлолт, экспорт эрчимжиж, эдийн засгийн өсөлтийг дэмжих гол хүчин зүйл болж, ялангуяа нүүрс болон зэсийн баяжмалын экспорт нь гадаад валютын урсгалын үндсэн эх үүсвэрийг бүрдүүлж байгаа хэдий ч экспортын бүтэц нь цөөн нэр төрлийн түүхий эд, нэг зах зээлд хэт төвлөрсөн хэвээр байгаа нь эмзэг байдлыг бий болгож байна.

Үүний зэрэгцээ уул уурхайн салбарын хөгжил нь дэд бүтэц, логистикийн хязгаарлалт, байгаль орчны доройтол, усны нөөцийн хомсдол, орон нутгийн оролцоо зэрэг олон талт сорилттой тулгарч байна. Түүнчлэн олборлолтод түшиглэсэн эдийн засгийн бүтэц давамгайлж байгаа нь нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, эдийн засгийг төрөлжүүлэх шаардлагыг улам бүр нэмэгдүүлж байна.

Ийм нөхцөлд уул уурхайн салбарын өнөөгийн байдал, эдийн засагт үзүүлэх нөлөө, бодлогын орчин, тулгамдаж буй асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр цаашдын хөгжлийн чиг хандлага, боломжийг тодорхойлох нь онолын болон практик ач холбогдолтой юм.

бүрэн судалгаа татах [PDF] 

Powered By EmbedPress